МУИС: Нийтлэг үйлчилгээний суурь төлбөрийн тухай албан ёсны мэдэгдэл

Share Button

Сүүлийн өдрүүдэд МУИС-ийн сургалтын төлбөрийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүй тайлбар цөөнгүй гарч байгаатай холбогдуулан дараах албан ёсны мэдэгдлийг хүргэж байна.

МУИС нь халаалт, цахилгаан, цэвэр, бохир ус ашиглалтын төлбөртөө улсын төсвөөс санхүүжилт авч бусад бүх зардлаа өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлж байна. Үүнд сургалтын төлбөрийн орлого дийлэнхи хэсгийг бүрдүүлдэг, оюутны төлөх сургалтын төлбөрийн хэмжээг Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд заасны дагуу тус сургуулийн Удирдах зөвлөл жил бүр шинэчлэн баталдаг. Энэхүү Удирдах 

зөвлөлийн бүрэлдэхүүнд 2016 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд МУИС-ийн оюутнуудаас сонгогдсон 4 оюутан суралцагч, Монголын Оюутны холбооны төлөөлөл оролцож сургалтын төлбөрийн хэмжээг тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж ирсэн.

МУИС-д суралцагчдын сургалтын төлбөр нь оюутанд зориулсан нийтлэг үйлчилгээний суурь төлбөр, сонгох хичээлийн багц цагийн төлбөрөөс бүрдэж байхаар МУИС-ийн Удирдах зөвлөл 2011 онд шийдвэрлэж, суурь төлбөрийн хэмжээг бакалаврын түвшний оюутны хувьд нэг хичээлийн жилд 200 мянган төгрөгөөр тогтоосон бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилд энэхүү суурь төлбөрийн хэмжээг 224 мянган төгрөгөөр байхаар тогтоосон.

Нийтлэг үйлчилгээний суурь төлбөр нь захиргаа, аж ахуй, номын сан, мэдээллийн технологи, оюутны үйлчилгээ, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зэрэг зардлыг санхүүжүүлэх зориулалттай. Өөрөөр хэлбэл оюутан хичээл сонгосон эсэхээс хамааралгүйгээр гарч буй зардал болно. Харин  оюутан хэдэн хичээл сонгосноосоо хамааралгүйгээр захиргаа, аж ахуй, номын сан, мэдээллийн эдгээр үйлчилгээг нэгэн ижил авч байгаа болно. 2016 онд оюутны суурь төлбөрөөр цуглуулсан орлого 3.3 тэрбум төгрөг, харин энд дурьдаж буй зардлын нийлбэр дүн 4.7 тэрбум төгрөг болж байна.

Багц цагийн төлбөр нь хичээл сургалттай холбоотой багш, сургалтын туслах болон техникийн ажилтныцалин хөлс, хичээл практик, дадлага, эрдэм шинжилгээний хурал семинар, оюутны болон багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, лабораторийн ашиглалт, сургалтын тоног төхөөрөмж,  сургалтын тавилга эд хогшил, хичээллэх байр танхимын элэгдлийг нөхөх зэрэг зардлыг санхүүжүүлэх үндсэн зориулалттай.

Сургалтын төлбөрийг ийнхүү бүрдэл хэсгээр нь задлан тооцож тогтоосон нь

  • нийтлэг үйлчилгээний төлбөрийг давхардуулан авахгүй байх
  • олон багц цагийн хичээл сонгосон оюутан богино хугацаанд кредитээ гүйцээж нийтлэг үйлчилгээний төлбөрөө хэмнэх боломж бүрдүүлэх зорилготой олон улсад нийтлэг тогтсон практик юм.

Харин Үндэсний аудитын газрын шинжээчийн 2016 оны намар ирүүлсэн албан шаардлагад энэхүү суурь төлбөр нь хуульд нийцэж байгаа эсэхийг хөндсөн тул МУИС-ийн Удирдах зөвлөл 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаараа энэ асуудлаар Үндэсний аудитын газартай хэлэлцэж, зөвшилцөх ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн дэд дарга Д.Эрдэнэчимэгээр ахлуулан байгуулж бүрэлдэхүүнд нь МУИС-ийн ​Оюутны холбооны тэргүүнийг оруулан ажиллуулж байна. Энэхүү Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн МУИС-ийн Удирдах зөвлөл хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу суурь төлбөрийн асуудлаар шийдвэр гаргах болно.

МУИС-ийн захиргаа

МУИС-ийн сургалтын төлбөр, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг МУИС-ийн цахим хуудаснаас авах боломжтой:  www.num.edu.mn

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *