МУИС-ийн Элсэлтийн бүртгэл 5-р сарын сарын 01-ээс эхлэнэ

Share Button

Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37.500 сурагч төгсч байна. Ингэснээр өмнөх жилийн төгсөгчидтэй нийлээд 40 гаруй мянган төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргаад байгаа юм. Монгол Улсын их сургуулийн хувьд элсэгчдээ ирэх тавдугаар сарын 1-нээс онлайнаар http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгэж эхэлнэ. Энэ талаар тус сургуулийн Сургалтын нэгдсэн албаны мэргэжилтэн Д.Мөнхбатаас элсэлтийн талаар тодрууллаа.

-Монгол Улсын их сургууль 2017-2018 оны хичээлийн элсэлтийн бүртгэлээ ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн онлайнаар бүртгэх юм байна. Хэзээнээс шинэ элсэгчдээ онлайнаар бүртгэж эхэлсэн бэ?

-Манай сургууль орон даяар элсэгчдээ онлайнаар бүртгээд гурван жил болж байна. Ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл эхэлнэ. Энэ жилийн бүртгэл долдугаар сарын 3-ны өдрийн 18 цаг хүртэл явагдах юм.

-Яагаад Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарахаас өмнө бүртгэлээ явуулж байгаа юм бэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн долдугаар сарын 1-нээс хойш гардаг. Элсэгчдийн хувьд долдугаар сард шалгалтынхаа дүнг аваад, сургуульдаа бүртгүүлэх гэхээр их ачаалал үүсдэг. Тийм учраас их сургуульд суралцах хүсэлтэй, сонголтоо хийсэн хүүхдүүд наана нь бүртгүүлэх боломжтой гэсэн үг. Бүртгүүлэх хүсэлтэй хүүхдүүд Боловсролын үнэлгээний төвөөс өгсөн бүртгэлийн дугаар, нууц үгээрээ манай системд бүртгүүлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарахад манай бүртгэлийн системд бүртгүүлсэн  хүүхдүүдийн дүнг боловсролын үнэлгээний системээс татаад авчихдаг.

Ингэснээр тухайн бүрэлдэхүүн сургуулиудад бүртгүүлсэн хүүхдийн ЭЕШ-ийн оноогоор жагсаалт үүсгэж хяналтын тоонд багтаж байгаа хүүхдүүдэд элсэх эрх олгодог. Хяналтын тоонд багтаж элсэх эрх авсан элсэгчид наймдугаар сарын 8-наас элссэн бүрэлдэхүүн сургуульдаа бүртгүүлж баталгаажуулдаг.

-Ирэх хичээлийн жил хэчнээн элсэгч элсүүлэх вэ?

-Одоогоор элсэгчдийн тоог эцэслэн гаргаагүй байгаа. Улаанбаатар хотод таван бүрэлдэхүүн сургууль, орон нутагт Завхан, Орхон аймагт бүрэлдэхүүн хоёр сургууль бий. Бүртгэлийн хураамжийн хувьд хотын таван бүрэлдэхүүн сургууль 9000 төгрөг, орон нутгийн хоёр бүрэлдэхүүн сургуульд 1000 төгрөг төлнө.

-Элсэгчдийн босго оноо хэдээс дээш байж тэнцэх бол?

-Манай элсэлтийн бодлого бол өндөр оноотой сайн төгсөгч л татах зорилготой. Бүртгэлийн системд элсэгчдийг нээлттэй бүртгэнэ. Харин жагсаалт үүсгэхдээ яамнаас баримталж буй 400 онооноос дээш оноогоор жагсаана. Хамгийн өндөр оноотой хүүхдүүд хяналтын тооны дагуу элсэх эрхээ авна. Өнгөрсөн жилийн хувьд манай сургуульд 3600 хүүхэд элсүүлсэн.

-Элсэгчдийн хувьд ихэвчлэн ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байдаг вэ?

-Элсэлтийн маань онцлог нь тодорхой нэг мэргэжлийн хөтөлбөрөөр бус сонирхож буй мэргэжлийн хөтөлбөр харъяалагдаж буй бүрэлдэхүүн сургуульдаа элсэн суралцана.  Мэргэжлийн хөтөлбөр сонгохдоо МУИС-ийн ерөнхий суурийн 8-н бүлэг, 90 гаруй хичээлээс өөрийн сонирхлын дагуу сонгон суралцасны дараа мэргэжлийн хөтөлбөр сонгох журмын дагуу сонгодог.

-Жил бүр их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгддэг гэж шүүмжлэлд өртдөг. Танай сургуулийн төлбөр нэмэгдэх үү?

-Сургуулийн сургалтын төлбөрийн талаар одоохондоо мэдээлэх боломжгүй байна. Их сургуулийн Удирдах зөвлөл хуралдаж сургалтын төлбөрийг тогтоох байх.

-Элсэгчид бүртгүүлэхдээ юуг анхаарах ёстой вэ?

-Онлайнаар элсэлтийн системд бүртгүүлэхдээ Боловсролын үнэлгээний төвийн  бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч бүртгүүлнэ. Нэвтэрч ороод өөрийн хувийн мэдээлэл, утасны джгаар, и-майл хаягаа шалгаж баталгаажуулах хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *