БНХАУ-ын Элчин Сайдын Яамнаас Монгол Ганжуур, Данжуур бүтэн ботийг хандивлав

Share Button

Хүн төрөлхтний оюун, соёлын гайхамшигт өв болох Ганжуур, Данжуурын бүтэн ботийг БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимд хандивлах ёслолын арга хэмжээ 2017.03.30-нд МУИС-д болж өнгөрлөө. Уг ёслолын арга хэмжээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй төлөөлөгчид, МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, ШУС-ийн НУС-ийн захирал, түүхийн тэнхмийн эрхлэгч П.Дэлгэржаргал нарын төлөөлөл оролцов.

Ёслолын ажиллагааг нээж, МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “БНХАУ-ын Элчин сайдын яамнаас манай МУИС-ийн Филисофи, Шашин судлалын тэнхимд Монгол “Ганжуур, Данжуур” буддын судар номын цоморлигийг хандивлах болсонд баяртай байна. Монгол “Ганжуур, Данжуур” бол Монголын буддын мэдлэг ухааны салбарт үлдсэн соёлын түүхэн хөдлөшгүй баримт гэж бид үздэг. Монголчуудын оюуны энэ их өвийг ийнхүү судлаж дахин хэвлэсэнд бид бүхэн туйлын баяртай байна” хэмээв.

Уг судар нь нийт 333 боть бөгөөд үүний 108 нь Ганжуур, 225 нь Данжуур судар юм байна. Манай улсад “Ганжуур, Данжуур”-ын эх хувь Үндэсний төв номын санд ганц хувь байдаг бөгөөд дэлхийд 3 эх хувь хадгалагдаж байдаг юм. Бурхан багш өөрөө айлдсан гэх зохиолуудын цоморлиг болсон Ганжуурын 108 ботид 1162 зохиол багтдаг.

Монгол “Ганжуур, Данжуур” нь бичмэл болон дармал хоёр хэлбэрээр тархсан байдаг бөгөөд  Ганжуур гэдэг нь “Зарлигийн орчуулга”,  Данжуур гэдэг нь “Шастирын орчуулга” гэсэн үг. Энэ сургааль нь Лигдэн хааны зарлигаар тухайн үед Монгол хэл дээр бүрэн орчуулагдсан” байдаг.

Өнөөдөр БНХАУ-ын Элчин сайдын яамнаас бэлэглэсэн уг судар нь 1720, 1749 онд тус тус хэвлэгдсэн дармал “Ганжуур, Данжуур”-ын хувилбар юм.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Оны бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, “МУИС бол манай ЭСЯ-ны хувьд хөрш байгууллага юм. Манай хоёр талын хоорондын хамтын ажиллагаа маш амжилттай хөгжиж байна. Өнөөдөр ЭСЯ-ны зүгээс МУИС-ийн цаашдын хөгжилд тодорхой хувь нэмэр дэмжлэг үзүүлэн, Ганжуур, Данжуур судар бичиг 410 ширхэгийг хандивлаж байна. Энэ нь зөвхөн бурханы судар ном төдийгүй шашин, соёл, гүн ухаан зэрэг салбарыг хамарсан маш том судар юм. Үүгээр дамжуулан МУИС-ийн эрдэмтэн мэргэд ,оюутан залууст бурханы шашин, соёл түүхийн талаарх судалгаа хийхэд тус дөхөм оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Ёслолын үеэр МУИС-ийн зүгээс сургалт, судалгааг хөгжүүлэхэд оруулсан энэхүү хувь нэмрийг нь үнэлэн БНХАУ-ын ЭСЯ-нд талархлын өргөмжлөл гардууллаа.

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *