Төрийн сангийн зээл

И-мэйл Хэвлэх PDF

Засгийн газрын 2000 оны 96-р тогтоолын дагуу МУИС-ийн магистр докторын сургалтанд

Сургалтын Төрийн Сангийн Зээл олгох журам

 

Боловсролын хуулийн дагуу магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн магистрант, докторант, Засгийн газрын гэрээ, хэлэлцээрээр гадаадад суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгох, эргэж төлүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

 

  1. Сургалтын Төрийн Сангийн зээл олгох нөхцөл.

 

  • Үндэсний статистикийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу өрх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу гишүүдтэй өрх, эцэг эх нь хоёулаа өндөр насны тэтгэвэрт байгаа өрхийн суралцагч
  • Үндэсний статистикийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хагас, бүтэн өнчин суралцагч
  • Суралцагч өөрөө тахир дутуугийн I, II-р группт байдаг (бүх бичиг баримтыг хавсаргана)

 

     2. Сургалтын төлбөрийн зээл авахад дараах материалыг бүрдүүлнэ:

 

  • Магистрант, докторантаар суралцуулах тухай сургуулийн шийдвэр
  • Сургалтын төлбөрийн зээл, тусламж хүссэн болон түүнийг буцааж төлөх тухай нотолсон суралцагч, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гараар бичсэн өргөдөл
  • Суралцагчийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Хагас болон бүтэн өнчин тохиолдолд суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч нь нас барсан тухай гэрчилгээний хуулбар
  • Зээлийн төлбөрийн хөрөнгийн баталгааны нотариатаар батлуулсан гэрчилгээ
  • Үндэсний статистикийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу өрх болох тухай (Улаанбаатар хотоос суралцагчдийн хувьд харьяалагдах хорооны дарга, дүүргийн засаг даргын Тамгын газрын, орон нутгаас суралцагчдын хувьд сумын болон аймгийн Засаг даргын Тамгын газрын) тодорхойлолт
  • Суралцагчийн өрхийн гишүүдийн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, тахир дутуу болохыг тогтоосон холбогдох байгууллагын шийдвэр (группын дэвтрийн хуулбар)
  • Суралцагчийн тахир дутуу болохыг тогтоосон холбогдох байгууллагын шийдвэр
  • Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухай нотариатын гэрчилгээний хуулбар
  • Бакалаврын түвшний диплом, дүнгийн хуулбар (бакалаврын түвшингийн сургалтын голч оноо 3.8-аас дээш байна)
  • Сургалтын Төрийн Сангийн (цаашид СТС) зээлээр бакалаврын түвшинд суралцагсад диплом болон голч дүнгийн тодорхойлолтыг СТС-аас тодорхойлуулсан бичиг авч ирнэ.

 

Элсэлтийн шалгалтанд тэнцсэн, Сургалтын Төрийн Сангийн зээл авах болзол хангасан зээлээр суралцахыг хүссэн хүмүүс дээрхи материалыг бүрдүүлж Магистр Докторын Сургалтын Алба (цаашид МДСА)-д заасан хугацаанд өгнө.

 

Материал сонгон шалгаруулалтыг сургуулийн комиссоор хэлэлцэн сонгон шалгаруулна. Уг комиссоос гарсан шийдвэрийг үндэслэн  МДСА нь сургалтын гэрээг  СТС суралцагчтай байгуулж, СТС- аас зээл авах хяналтын тоонд багтаан шийдвэрлүүлнэ.

 

Жич: Сургалтын Төрийн Сангийн зээлийг төлүүлэх барагдуулах тухай дэлгэрэнгүй материалыг Засгийн Газрын 2000 оны №96 тоот тогтоолоос үзнэ үү.